Saturday, October 21, 2017

Дефибрилляци ба кардиоверси

Удиртгал
Дефибрилляцийг анх 1899 онд Швейцарын Женевийн Их Сургуулийн Prevost болон Batelli нар санаачилжээ. Тэд нохойг бага зэргийн цахилгаанаар цохих нь ховдолын фибрилляци үүсгэдэг боловч томоохон цэнэг нь энэхүү нөхцөл байдлыг (ховдолын фибрилляцийг) арилгадаг болохыг нээсэн байна. Трансторацик дефибрилляци нь хүнд анх 1956 онд хувьсах гүйдэл ашиглан хийгдсэн байдаг. Lown болон түүний хамтран ажиллагчид дефибрилляторт тогтмол гүйдлийг нэвтрүүлж клиникийн практикт ашиглажээ. Цахилгаан кардиоверци нь одоо үед энгийн процедур болсон бөгөөд зүрхний хэм алдагдалыг төгсгөхөд сонгомол бөгөөд яаралтайгаар ашиглагддаг. 


Дефибрилляци нь нь энергийг зүрхний мөчлөгийн аль нэг фазад давхцалгүйгээр хүргэдэг бол кардиоверци нь энергийг том R шүд юмуу QRS бүрдэлтэй давхцуулж хүргэдэг. Дефибрилляци болон кардиоверцийн аль алиных нь үед дамжуулсан цахилгаан цэнэг нь дефибрилляторын сөрөг электродоос эерэг электрод руу зүрхээр түргэн зуур дамжин өнгөрөх цахилгаан гүйдэлийг бий болгодог. Ингэснээр зүрхний бүх эсүүд нэг зэрэг агшиж улмаар зүрхний гэмтэл үүсгэлгүйгээр хэвийн бус цахилгаан хэмнэлийг сарниулж, төгсгөдөг ба синусын зангилааны хэвийн хэм үүсгэх идэвхи сэргэх боломжтой болно. Энэхүү өгүүлэлд эдгээр процедурын талаарх суурь зарчим болон техник, тэдгээрийг хэрэглэх эмнэл зүйн заалтыг дурдсан болно. 


Заалт
Давхцсан цахилгаан кардиоверци
o Ховдлын дээрхи тахикарди
o Тосгуурын фибрилляци
o Тосгуурын flutter
o Ховдолын тахикарди
o Нарийн юмуу өргөн QRS бүрдэл бүхий (ховдолын хэмнэл >150) тогтворгүй (жнь: цээжний өвдөлттэй, уушигны хавантай, гипотензитэй), тахикардид эргэн оромтгой ямарваа өвчтөнд
Дефибрилляци
o Пульсгүй ховдолын тахикарди (VT)
o Ховдолын фибрилляци (VF)
o VF-ийн улмаас бий болсон зүрх зогсолт

Эсрэг заалт
• Дигоксины хордлого зэрэг зүрхний автоматчилалыг нэмэгдүүлэгч нөхцөл байдлын улмаас үүссэн хэм алдагдал болон катехоламин хамааралт хэм алдагдалын үед (Эдгээр нөхцөл байдлын үед нэгэн төрлийн деполяризаци бүхий бүс аль хэдийн бий болсон байдаг. Тиймээс кардиоверци нь үр нөлөөгүй байгаад зогсохгүй мөн цахилгаанаар цохисны дараах ховдолын тахикарди/ховдолын фибрилляци тохиолдох магадлал өндөр байдаг.)
• Олон тусгалт тосгуурын тахикарди

Мэдээгүйжүүлэлт
• Кардиоверци нь ямагт тайвшруулалт, өвчин намдаалт (мидазолам зэрэг богино үйлдэлтэй агентууд)-ийн дор хийгддэг. Өвчин намдаалт шаарддаггүй онцгой тохиолдолуудад өвчтөний гемодинамик тогтворгүй, зүрх судасны коллапст орж магадгүй байдлууд орно.
• Дефибрилляци нь яаралтай маневр ба зайлшгүй шаардлагатай бол өвчин намдаах, тайвшруулах агентуудыг хурдан дуслаар залгах юмуу өмнө нь хэрэглэсэн байх хэрэгтэй.

Багаж, хэрэгсэл
• Дефибриллятор
o Автомат экстернал (биеийн гаднаас ашиглах) дефибриллятор (AEDs)
o Хагас автомат AED
o Монитор бүхий стандарт дефибриллятор
• Гар юмуу наалдамхай электрод
o Гар электрод ашиглах нь өөрөө наалддаг электродыг бодвол илүү үр дүнтэй байдаг.
o Гар электродын амжилтын хувь арай илүү байдаг ба учир нь гар электрод нь электрод болон арьсны шүргэлцэх хэсгээрх трансторацик цахилгаан эсэргүүцэлийг бууруулдаг.
• Дамжуулах гель юмуу түрхэц
• Бичлэг хийдэг ЭКГ монитор
• Хүчилтөрөгчийн багаж хэрэгсэл
• Интубацийн багаж хэрэгсэл
• Яаралтай хэм үүсгэгч багаж хэрэгсэл

Өвчтөнийг байрлуулах
• Электродыг цээжний хананд байрлуулах 2 хэвшил болсон байрлал байдаг: Үүнд урд-хажуу болон урд-хойд байрлал
o Урд-хажуу байрлал: Эхний электродыг зүүн эгэмийн дунд шугамаар дөрөв тавдугаар хавирганы завсраар байрлуулна. Хоёр дахь электродыг өвчүүний дөнгөж баруун ирмэгээр хоёр гуравдугаар хавирганы завсраар байрлуулна.
o Урд-хойд байрлал: Эхнй электродыг өвчүүний баруун ирмэгээр дээрхитэй адил байрлуулах ба нөгөө электродыг зүүн далны ирмэг болон нурууны хооронд байрлуулна. Тэсвэртэй тосгуурын фибрилляцийн үед гаднаас кардиверци хийхдээ электродыг урд-хойд байрлалд байрлуулах нь урд-хажуу байрлалыг бодвол илүү үр нөлөөтэй байдаг.

Арга барил
• Сонгомол кардиоверцийг ашиглахдаа болгоомжтой байх нь зүйтэй ба өвчтөний сонголт болон тохирсон арга барилд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тогтмол гүйдлээр кардиоверци хийхдээ дахин давтагдсан, үр дүнгүй оролдлогуудаас зайлсхийх хэрэгтэй.
• Зүрхний үйл ажиллагааг амжилттай сэргээх (Advanced cardiac life support [ACLS]) арга хэмжээ нь судсаар авсан арга хэмжээ (үүнд судсаар хийх шаардлагатай эмүүд орно) зэрэг өвчтөний бэлтгэл, амьсгалын замын менежментийг явуулах багаж хэрэгсэлийн бэлтгэл, тайвшруулах эмүүд болон хяналтын төхөөрөмж зэрэгт үндэслэн хийгдэнэ.

Нэг болон хоёр фазтай долгионы хэлбэр
• Дефибриллятор нь энергийг нэг, хоёр, гурван фазтай гэх мэт долгионы олон хэлбэрээр хүргэдэг.
• Нэг фазтай дефибрилляцийн үед цэнэг зөвхөн нэг чиглэлтэй байдаг бол хоёр фазтай дефибрилляцийн үед цэнэгийн хагас нь нэг чиглэлд хагас нь үүний эсрэг чиглэлд чиглэсэн байдаг.
• Хоёр фазтай долгионы хэлбэр бүхий дефибрилляци нь нэг фазтай дефибрилляцийг бодвол илүү үр нөлөөтэй, энерги бага зарцуулдаг.

Дефибрилляци болон кардиоверци хийх энергийн сонголт
• Цахилгаан кардиоверциэр тосгуурын flutter-ийг эмчлэхдээ 25-50J-аар ( эсвэл хоёр фазтай дефибрилляторын цэнэгийн хэмжээгээр. Энэ нь нэг фазтай дефибрилляторын цэнэгийн хагастай нь тэнцэнэ) эхлэх ба тосгуурын фибрилляци бүхий тогтворгүй нөхцөл байдал бүхий өвчтөнг эмчлэх бол 50-100J-аар (эсвэл хоёр фазтай дефибрилляторын цэнэгийн хэмжээгээр) эхэлнэ.


ЭКГ-ийн хэмнэлд давхацсан цахилгаан цэнэгээр (кардиоверциэр) тосгуурын фибрилляцийг төгсгөж хэвийн синусын хэмнэлийг сэргээсэн байдалыг харуулжээ. Цэнэгийн давхцалтыг QRS бүрдэлийн дээр сумаар тэмдэглэсэн байна. 

• Гемодинамик тогтворгүй, түргэссэн олон хэлбэрт (полиморф) ховдолын тахикарди (хэмнэл нь >150pm)-ийг яаралтай эмчлэх нь зүйтэй ба тогтмол гүйдлээр, 200-360J (хоёр фазтай дефибрилляторын 100-200J-тай тэнцэнэ) энерги ашиглан дефибрилляци хийнэ.
• Нэг хэлбэрт (мономорф) ховдолын тахикардийг эмчлэхдээ 100-200J (хоёр фазтай дефибрилляторын 50-100J-тай тэнцэнэ) энерги ашиглан кардиоверци хийнэ.
• Ховдолын фибрилляцийг эмчлэхдээ хамгийн багадаа 200-360J (хоёр фазтай дефибрилляторын 100-200J-тай тэнцэнэ) энерги ашиглан аль болох хурдан дефибрилляци хийнэ.


Дефибрилляциар ховдолын фибрилляцийг төгсгөж хэвийн синусын хэмнэлийг сэргээсэн байдал. 

Хүндрэл
• Ихээхэн түгээмэл хүндрэлүүд нь тосгуур, ховдол болон зангилааны эртэдсэн агшилт зэрэг аюулгүй хэм алдагдалууд юм.
• Ноцтой хүндрэлд цахилгаан энергийн хэмжээ их байх, дигоксины хордлого, зүрхний хүнд эмгэг, R шүдтэй давхцаагүй цахилгаан цэнэгээр цохих зэргээс үүдэлтэй ховдолын фибрилляци (VF) орно.
• Өвчтөнүүдийн 1-3%-д кардиоверциэс үүдэлтэй тромбоэмболизм тохиолдох ба ялангуяа кардиоверци хийхээс өмнө антикоагулянт хэрэглэж байгаагүй тосгуурын фибрилляци бүхий өвчтөнүүдэд тохиолдоно.
• Өндөр энерги бүхий шокийн улмаас миокардийн үхжил бий болно. ST сегментийн элеваци тэр даруй үүсэх ба ихэвчлэн 1-2 минут үргэлжилнэ. ST сегментийн элеваци 2 минутаас удаан байх нь шоктой холбоогүй миокардийн гэмтэлийг илтгэнэ.
• Уушигны хаван кардиоверцийн улмаас үүсэх ховор хүндрэл бөгөөд зүүн ховдолын дисфункци юмуу зүүн тосгуурын түр зуурын зогсолтоос үүсэх боломжтой.
• Кардиоверци болон дефибрилляцийн дараа өвдөлт бүхий арьсны түлэгдэлт тохиолддог. Энэ нь өвчтөнүүдийн 20-25%-д дундаас хүнд зэргийнх байна. Ихэвчлэн буруу арга барил болон электродын байрлуулалтаас үүдэлтэй байдаг.

Эх сурвалж:  

www.emedicine.com > Clinical Procedures > Cardiothoracic Procedures

0 comments:

Post a Comment

Categories